| |
Удтал гацсан парламент өчигдрөөс нэг юм амь орлоо. Төрийн байгуулалтын байнгын хороо, Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан болж зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэн дэмжлээ. Тус хуулийн өөрчлөлтөөр гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг чөлөөлөх хүсэлт гаргавал парламент хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэхээр болж байгаа юм. Харин Халдашгүй байдлын дэд хороогоор Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцсэн ч Г.Солтан гишүүн эзэнгүй байгаа гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлууллаа. Ийнхүү байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос асуулт асууж, үг хэллээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
-Ерөнхийлөгч зүгээр байж байгаад энэ хуулийг санаачлаагүй. Хууль тогтоох дээд байгууллагын ажил нь гацаад байгаа учраас хуулийн төслийг оруулж ирсэн. Огцруулах хуулийн төсөл биш, чөлөөлөгдөнө гэж хуульд тусгасан. Хуулийн төслийг хэрхэхийг УИХ шийднэ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Монгол Улс Үндсэн хуульдаа парламентын засаглалтай улс орон гэж зааж өгсөн. Өнөөгийн үүсээд байгаа асуудалтай холбогдуулж Ерөнхийлөгч хуулийн төслийг оруулж ирлээ гэж ойлгож байгаа. Парламент дандаа нэг намын олонхи байхгүй. Цаашид парламентыг бүрдүүлэх намуудын харьцаа нь мэдээж өөр өөр байна. Энэ тохиолдолд хуулийн төсөл хэр нийцэх вэ. Хоёр жилийн өмнөөс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах асуудал яригдаж ажлын хэсэг хүртэл байгуулагдсан. Уг хуулийн төсөл батлагдлаа гэхэд Үндсэн хуулийн заалттай нийцэж байгаа юу?
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
-Үндсэн хуультай бүрэн нийцэж байгаа. Хэрэв парламентын үйл ажиллагаа гацаагүй байсан бол Ерөнхийлөгч энэ хуулийг санаачлахгүй байсан. Ж.Мөнхбат гишүүн дархлааны тухай хөндөж байна. Харин ч дархлаагүй байгууллага нь Засгийн газар болчихсон.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
– Зарим гишүүн УИХ-ыг тараах тухай асуудлыг ч хөндөж байгаа. Монгол төрийн гацааг дурдвал олон бий. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль эмчилгээний нэг хэлбэр байж магадгүй. Хуулийн төсөл батлагдлаа гэхэд бүх зүйл хэвэндээ орно гэж бодохгүй байна. Монголын төрийн ажлыг гацаанд оруулж байхаар эрх баригч намын гишүүд УИХ-ыг тараахад гарын үсгээ зурцгаа. Харин УИХ тарахаасаа өмнө Эрдэнэтийн 49 хувь, Цагаан суварга,бусад ордуудыг ард түмэнд авч өгчихөөд тарна шүү.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-УИХ тарах ёстой. Ард түмэнд дараагийн дархлааг нь үлдээхийн тулд энэ УИХ-ыг тарааж дараагийн ээлжит бус чуулганыг зарлах ёстой. Зарчимтай байя. Эрх мэдлийн төлөө талцан хуваагдаж байгааг гайхаж байна. Хуралдаа суухгүй байгаа гишүүдэд зориулсан мөн хуулийн төслийг давхар оруулж ирээч. УИХ-ыг тараах бичигт Ж.Батзандан чи гарын үсгээ зураарай.
УИХ-ын гишүүн Б.Наранхүү:
-Өмнөх дөрвөн жил, сүүлийн хоёр жилд бид зодолдлоо. Парламентын даргаас болж одоо зодоон хоёр дахин ихэснэ шүү. Нэг хүнийг сольчихвол болчихно гэсэн улс төр байж болохгүй. Утаа, агаарын бохирдлоо бид ярихгүй байна. Нэг нэгийгээ гүтгэж доромжилж, үнэн худлыг нь мэдэхгүй зүйлээр дайрч байна. Хүнийг гүтгэх болохоор шүүх хамаагүй болчихдог. 2020 оноос хойш парламент байх юм уу, байхгүй юм уу.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-Манай гишүүд ярьдгаасаа эсрэг үйлдэл хийх юм. Удахгүй хэн нь хэн бэ гэдэг нь ил болох цаг ирэх байх. Ийм цаг руу явж байна гэж би боддог. Хуулийг, ёс зүйг өөр өөрөөр тайлбарлаж байна. Хувь хүнд тохируулж хууль батлах нь сайн арга биш. Гэхдээ гацааг арилгах нь зөв гэдэгтэй би санал нэг байна. Төрт ёсоо, нийгмийн уур амьсгал, эв нэгдлээ бодож М.Энхболд дарга огцорно гэж найдсаар л байна. Бид аргаа бараад л ийм зүйл хийж байна. Нэг хүний албан тушаалаас Монголын парламент илүү цэнэ цэнэтэй.
УИХ-ын дарга М.Энхболд:
-Сүүлийн үед бүх хууль хяналтын байгууллагыг нэг хүн удирдаж байгаа мэтээр ор үндэслэлгүй ярих болсон. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэн нэгэн албан тушаалтнаас хараат бус, үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдах ёстой. Аль нэг хуулийн байгууллагын даргыг би санаачилж санал болгож томилуулсан асуудал байхгүй. Би 2007 онд УИХ-д ДНБ-ийн таваас дээш хувийн орлогыг олж болох хэмжээний 49 орд газрыг стратегийн орд болгоё гэж өргөн барьж байсан. Харамсалтай нь тухайн үеийн УИХ-ын дарга Ц.Нямдорж байсан. 15 ордыг нь баталж бусдыг нь стратегийн орд болгохгүй гэсэн. Тухайн үед Асгатын ордыг ч гэсэн би өргөн барьж байсан. Мөн Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар би хоёр удаа ажлын хэсэг байгуулж байсан гэсэн юм.
Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа уг хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ. Үүгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал түр завсарласан юм. Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх товтой байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?