| |
ЖҮЖИГ ДОТОРХ ЖҮЖИГ
"Оддын өвчин” жүжиг дэлхийн олон театрт амжилттай тавигдсаар иржээ. Энэ бүтээлийг дэлхийд алдаршуулсан нэг шийдэл нь жүжиг доторх жүжиг юм. Тэгэхээр уран бүтээлчид жүжгийн турш хоёр дүр дээр ажиллах аж. Гол дүрийн жүжигчин Г.Алтангэрэл "Би энэ бүтээлд Тито Мерелли гэж Италийн алдарт дуурийн дуучны дүр дээр ажиллаж байна. Бид дэлхийн алдартай дууриудын хэсгээс дуулахаараа онцлог. Алдарт Турандот, Хозегийн ари гээд л. Манай жүжгийг үзснээр үзэгчид оддын өвчин гэж юу болох, ямар бэрхшээл тулгардаг. Үүнийг хэрхэн давах талаар ойлгох болно” гэв.
Авангард жүжгээр үзвэрийн нээлтээ хийж буй УДЭТ-ын хамт олон 2018-2019 онд олон ажил хийхээр төлөвлөсөн тухайгаа энэ үеэр танилцуулсан юм. Уламжлал болгон зохион байгуулдаг "Алтан тайзны эзэд”, "Бид мартахгүй” арга хэмжээг зохион байгуулахаас гадна хэд хэдэн шинэ бүтээл хийхээр төлөвлөжээ. Энэ талаар ерөнхий найруулагч Н.Наранбаатар "Бид энэ жил гадны шилдэг найруулагчдыг урьж, туршлага солилцохоор төлөвлөж байна. Үүнээс гадна хүүхдийн уран бүтээлд онцгой анхаарал хандуулна. Монгол ёс уламжлалаа хэрхэн хүүхэд багачуудад өвлүүлэн үлдээх, уламжлан авч явах тухай уран бүтээлээр дамжуулж ойлгуулахаар зэхэж байна. Мөн зохиолч Б.Цогнэмэхийн "Хаадын хаан” жүжгийг тавихаар төлөвлөгөө гарчихсан” гэв.
ДАВСАН ОРЛОГОО УРАН БҮТЭЭЛДЭЭ ЗОРИУЛЖ БАЙНА
УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу "Бид энэ оны сүүлээс давсан орлогоо өөрсдөө захиран зарцуулах болсон. Манай театрын хувьд 300 сая төгрөгийн орлого олох ёстой. Эхний хагас жилийн байдлаар бид орлогоо давуулан биелүүлсэн. Харин давсан орлого болох 100 гаруй сая төгрөгийг "Оддын өвчин” шинэ бүтээлдээ зориулж байна” хэмээн онцолсон юм. Өмнө нь мэргэжлийн урлагийн байгууллагуудын давсан орлого төрийн санд ордог байжээ. Харин өөрсдөө захиран зарцуулах болсон нь цаашдын уран бүтээл илүү чанартай болоход нөлөөлнө гэж уран бүтээлчид ам сайтай байна. Ийнхүү урлагийн ууган байгууллага УДЭТ-ын хамт олон үзэгчдээ хүлээж авахад бэлэн болсноо албан ёсоор зарлалаа. Театр хэмээх ариун сүмд уулзацгаая.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Ч.ГАНТУЛГА
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?