| |
Нийслэлд үүсээд буй, хүн бүрийн толгойн өвчин болсон замын түгжрэлийг бууруулах үүднээс хүнсний дэлгүүр, худалдаа үйлчилгээний газарт бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг, 3,5 тонноос дээш даацтай автомашинуудын хөдөлгөөнийг 06:00-10:00, 16:00-20:00 цагуудад хязгаарлахаар болж байна. Энэ хязгаарлалтанд нийслэлийн төдийгүй орон нутгийн автомашинууд хамрагдана гэжээ.
Өөрөөр хэлбэл түгээлтийн гэж бидний нэрлэж заншсан 4000 гаруй автомашин өдрийн цагаар хөдөлгөөнд орох эрхгүй болж байгаа гэсэн үг юм. Энэ талаар НИТХ-ын дарга С.Амарсайхан "Зөвхөн түгээлтийн ч бус, орон нутгаас Улаанбаатарт ирж байгаа автомашинуудын бараа таталтыг шөнийн цагаар гүйцэтгээд өглөө 07 цаг гэхэд орон нутгийн автомашинууд бүгд хотоос гарсан байх, эсвэл тухайн газраа ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд оролцохгүй байх гэх мэтчилэн захиргааны арга хэмжээнүүдийг тал талаас нь тоооцоолсны үндсэн дээр авч хэрэгжүүлэхээр болсон" гэжээ.
Гэвч тэг зогсолтдоо тулаад байгаа нийслэлийн автозамд хөдөлгөөнд оролцож буй 500 мянган автомашинд 4000 түгээлтийн машин хэр жинтэй хувь нэмэр оруулах вэ. Үүний хөдөлгөөнийг хязгаарласнаар түгжрэл буурах уу гэдэг эргэлзээтэй.
Үүнээс гадна түгээлтийн машинууд бараагаа дэлгүүр, захуудад эрт түгээлээ гэхэд хар үүрээр онгойдог үйлчилгээний байгууллага хэд билээ гэдгийг тооцоолсон болов уу. Ийнхүү өдөр явуулахыг хорьчихоор дэлгүүр хоршоо шөнө бараагаа хүлээн авахын тулд нягтлан, нярав, ажилтнуудаа илүү цагаар ажиллуулахаас өөр аргагүй болно. Энэ хэрээр цалин хөлс, илүү цагийн мөнгө нэмэх шаардлага гарч, бизнес эрхлэгчдэд уламл дарамт нэмэгдэнэ. Шөнийн цагаар түгээлт, бараа татан авалт хийснээр ээлжээр ажиллаж сураагүй монголчууд ядарч, нойрмоглох, тэр хэрээр осол аваар гарах гээд асуудал их.
Овсгоотой зарим компаниуд түгээлтийн машинаар түгээдэг байснаа хэдэн жижиг тэргэнд ачаад хүргэж ч мэднэ. Тэгвэл нэг машинаар түгээх юмыг олон машин хүргэж, замын ачаалал улам л ихсэх биз ээ.
Түгжрэлээр алдартай Филиппиний Манила хот л гэхэд Улаанбаатараас 10 дахин том бөгөөд 20 дахин олон хүн амтай. Тус хотын дарга нар түгжрэлээ шийдэх зорилготой түгээлтийн машинуудыг хориглоод шөнө явуултал хувийн жижиг автомашины тоо эрс өсч, түгжрэл харин ч нэмэгдсэн гэсэн яриа байдаг.
Тиймээс 500 мянган машины эсрэг 4000-хан машинд хориг тавьсан энэ журмаа эргэн харж, түгжрэлийг сааруулах өөр арга эрэлхийлбэл яасан юм бэ, хотын удирдлагууд аа.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?