| |
МАН-ын II Бага хурал тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцэнэ гэдгийг намын дарга У.Хүрэлсүх мэдэгдсэн. Улмаар УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвших эсэх асуудлыг хэлэлцэж эхлээд байгаа юм.
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын II Бага хурал Тусгаар тогтнолын ордонд амжилттай эхэллээ. Хуралдааныг 200 гаруй хүний оролцоотой эхлүүллээ. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэсэн.
Нэгдүгээрт, УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн асуудал. Энэ тойрогт нэр дэвших боломжтой хүн манай намд байгаа.
Хоёрдугаарт, нэр дэвшүүлэх журмыг МУ-ын сонгуулийн хуульд нийцүүлэн шинээр баталдаг. Үүнийг батлахаар болсон.
Нэр дэвшигчдийн бүртгэл есдүгээр сарын 4-нд болно" гэлээ.
Ийнхүү сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-МАН-ын Хяналтын хороо хуралдаж, Ц.Сандуй нарыг намаас хөөх болсон тухай мэдээлсэн. Энэ талаар тайлбар өгөөч?
-МАН-ын Хяналтын хороо өнгөрсөн баасан гаригт хуралдсан байна лээ. Гаргасан шийдвэрээ хараахан намын удирдах зөвлөлд хүргүүлээгүй байна. Өнөөдөртөө албажаад ирэх байх гэж бодож байна. Бидний зүгээс, энэ шийдвэрийг гар дээрээ авсаны дараа нам дотроо шийдвэрлээд явна. МАН нам гэхээс илүү улс төрчдөд итгэх итгэлгүй болсон энэ үед энэ намын 2016 оны ялалтын үр дүнгээр намын гишүүдийн ёс зүйг шат шатандаа хариуцлага алдсан эсэх судалгааг дүгнэж хариуцлага тооцох ёстой.
Ганц 60 тэрбумын гэх асуудлаас гадна намын гишүүний хариуцлага алдсан тохиолдолд хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзлээ.
-УИХ-ын 42 дугаар тойрогт ямар хүн нэр дэвшүүлэх вэ?
-Судалгааг хийгээд явж байна. Манай намын тухайд энэ тойрогт ялах бүрэн боломжтой. Манай намаас нэр дэвших боломжтой хэд хэдэн хүний нэр судалгаагаар гарч ирж байна.
2018.08.06 10 цаг 26 минут
МАН-ын II Бага хурал эхэллээ
МАН-ын II Бага хурал дөнгөж сая Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Энэ удаагийн хуралд 300 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Өнөөдрийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох асуудлыг хэлэлцэнэ. Мөн уг сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх эсэхээ шийдэх юм байна.
Хуралдааныг нээж, МУ-ын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх үг хэллээ.
Тэрбээр "Энэ удаагийн Бага хурлаар хоёр асуудлыг хэлэлцэнэ. Хурал удирдах хүмүүсийг сонгоно. Бага хурлын даргаар Шадар сайд Ө.Энхтүвшин томилж байна" гэлээ.
Ийнхүү Бага хурлыг даргалан явуулах хүмүүсийг эндэрт уриснаар Бага хурал үргэлжилж байна.
Бага хурлыг Шадар сайд Ө.Энхтүвшин даргалж байна. Тэрбээр хуралдаанаар хэлэлцэх асуудлыг гишүүдэд танилцууллаа. Тодруулбал, тэрбээр "Энэ удаагийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвших эрхмийг тодруулна. Хоёрдугаарт, дүнг нэгтгэх, танилцуулах журам дүрмийг танилцуулна" гэв.
Ийнхүү нэгдүгээр асуудлыг хэлэлцэж эхэллээ. Уг асуудлыг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Бага хурлын гишүүдэд танилцуулж байна.
Б.Анир
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?