| |
Тодруулбал ,Жил бүрийн хавар, зуны улиралд мах, хүнсний ногоо, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өсдөг нь бичигдээгүй хууль болон тогтжээ. Мөн дээрээс нь он солигдохтой зэрэгцэн нэмсэн шатахууны үнийн өсөлт нөлөөлж, иргэдийн амьдралд хүнд, дарамт болж байна.
Харин өнөөдөр Атар талх 1300, 1кг төмс 2000, 1л шатахуун 1800 төгрөг болж өссөн байна. Цалин хөлс нэмэгдэхгүй атлаа цаг цагаар барааны үнэ өссөөр.
Тиймээс бид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэр өссөн, үнийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар сурвалжлахаар хотын захын буюу БЗД-ийн 23-р хороог зорьсон юм.
Бид хамгийн эхлээд тэр хавьдаа хамгийн томд тооцогдох супермаркет руу орсон юм. Худалдагч нь "Барааны өссөн. Үүнийг дагаад иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа. Үүнийг хүн болгон л мэдэж байгаа шүү дээ. Өөр юу ярихав дээ” гээд ярилцлага өгөхөөс татгалзсан юм.
Харин дараа нь орсон мах, ногооны дэлгүүрийн худалдагч бидэнд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм.
Дэлгүүрийн худалдагч Э.Бүжинлхам:
-Өргөн хэрэглээний барааны үнэ хэр зэрэг өссөн бэ?
-Дотоодын бүтээгдэхүүний үнэ өсөөгүй. Хэвээрээ байгаа. Харин импортын барааны үнэ бараг 10-20 хувиар өссөн. Өмнө нь 2600 төгрөгөөр авдаг байсан ургамлын тосыг одоо 3000 төгрөгөөр авдаг болсон. Харин будаа 41 мянган төгрөг байсан бол одоо 48 мянган төгрөг болсон. Ногооны үнэ нилээн өндөр байсан. Сүүлийн үед харьцангуй буурч байна.
-Зарим иргэд та нарыг өөрсдөө үнэ хөөрөгддөг гэж яриад байдаг энэ тал дээр юу хэлэх вэ?
-Яалаа гэж бид нар дур зоргоороо үнэ нэмэх вэ дээ. Хамгийн гол нь цаанаасаа үнэ нэмэгдээд ирэхээр бид ашгаа гаргаж авахын тулд жаахан нэмж зардаг. Хүмүүс биднийг нээх их мөнгө нэмээд, иргэдийг шулж ашигтай ажиллаж байна л гэж бодох юм. Би бүр хүмүүст барааны үнэ хэлэхээсээ ч эмээх юм. "Юу вэ тэд байсан биз дээ, яагаад ийм үнэтэй болчихсон юм бэ” гээд л бидэн рүү уурладаг.
-Иргэдийн худалдан авах чадвар хэр байна вэ? Ер нь өдрийн орлого чинь хэд орчим байдаг вэ?
-Ерөнхийдөө иргэдийн худалдан авах чадвар нэлээд буурсан. Өмнө нь бид өдөртөө 500 мянгаас буудаггүй байсан бол одоо 200 мянгын орлого хийгээд буух нь хэвийн үзэгдэл болсон. Өдөрт орж ирж байгаа хүмүүсийн 50-60 хувь нь зээл өгөөч гэж орж ирдэг.
-Та зээл өгдөг үү?
-Манайх энд амьдраад удсан болохоор энэ хавийнхаа бараг бүх хүнийг танина. Би зээл өгөөд бүр хаширчихсан хүн л дээ. Тиймээс аль болох зээл өгөхгүй байхыг чухалчилдаг. Гэхдээ би энэ хавынхаа хүмүүсийг бараг бүгдийг нь таньдаг, амьдралыг нь мэддэг болохоор их хэцүү. Яаж ч чадахгүй өрөвдөөд л өгчихдөг. Одоо надад 100 гаруй хүний иргэний үнэмлэх байна. Авах ёстой сая гаран төгрөгийн зээл байна.
Биднийг ийн ярилцаж зогстол гаднаас хоёр хүүхдээ дагуулсан 30 орчим насны эмэгтэй орж ирсэн юм. Түүнээс үнийн өсөлт амьдралд нь хэрхэн нөлөөлж байгааг тодруулсан юм.
Баянзүрх дүүргийн 23-р хорооны иргэн Г.Сэргэлэн:
-Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт танд хэр нөлөөлж байна вэ?
-Нөлөөлөлгүй яахав. Юмны үнэ маш өндөр байна. Над шиг хувийн байгууллагад ажиллаж бага цалин авдаг хүний хувьд энэ үнийн өсөлт маш их нөлөөлж байна. Чи боддоо өмнө нь 10 мянган төгрөг бариад хүнсний дэлгүүр ороход нэг кг мах гурил талхтай авч хүрдэг байсан. Одоо бол нэг кг мах авбал их юм болсон байна. Үхрийн мах бол нэг кг-ыг ч авч хүрэхгүй болчихсон байна. За тэгээд гурил будааны үнэ бас их өссөн. Энэ нь мань мэт шиг хүмүүст л хамгийн их нөлөөлж байх шиг байна даа.
-Таны өдөр тутамдаа гэр бүлийн хэрэгцээнд авч хэрэглэдэг ямар ямар бараа, бүтээгдэхүүн өссөн бэ?
-Өө ер нь бүгд л өссөн байна шүү дээ. 1600 төгрөгөөр авдаг байсан элсэн чихэр одоо 2000 төгрөг болсон байна. Өдөр тутам хэрэглэдэг, саван, вокны үнэ хүртэл өссөн.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн С.Ууганцэцэг:
-Таны сарын дундаж цалин хэд вэ? хамгийн сүүлд хэзээ нэмэгдсэн бэ?
-Эгч нь тогтмол 500 мянган төгрөгийн цалинтай. Хувийн жижиг газар ажилладаг болохоор нэмэгддэггүй. Тогтмол авдаг л даа. Цалин тэтгэвэр нэмлээ гэхэд тэр нь хувийн хэвшилд тэр дундаа над шиг цайны газарт ажилладаг хүмүүст бол энэ нь хамаагүй байдаг. Харин төрийн байгууллагынхны цалинг нэмээд тэрийг нь далимдуулж юмны үнэ өссөөр байна. Үүнийг л төрийн зүгээс сайн зохицуулж өгөх хэрэгтэй байна. Нэгэнт хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг нэмэгдүүлэхгүй бол ядаж барааныхаа үнийг барих хэрэгтэй шүү дээ.
Тус дэлгүүрээр үйлчлүүлэхээр орж ирсэн иргэдээс болон худалдагчаас ганц нэг зүйл тодруулахад, Монголын жирийн айл өрхийн өнөөдрийн бодит байдал харагдаж байна. Тэд бүгд л сарын цалингаа хоол хүнсэндээ хүргэх гэж илүү ч үгүй дутуу ч үгүй будаа гурилаа л авч явна. Өдөр өдрөөр үнийн өсөлт ард иргэдийн нуруун дээр томоос том ачаа болсоор байгааг эндээс харж болохоор байна.
Т.Гэрэл
http://www.zaluu.com/read/26gfc14egЗасгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?