| |
Аливаа улсын хөгжил боловсролын тогтолцоо ямар байгаагаас шууд хамаарна. Манай улсын хувьд ойрын болон алс ирээдүйн хөгжлийн загвартайгаа боловсролын бодлого, агуулгаа нягт уялдуулсан байх ёстой. Энэ нь гадаадын янз бүрийн боловсролын тогтолцоог оруулж ирээд өөрсдийн онцлогт тохирохгүй бодлогыг хэрэгжүүлж даяаршиж буй нийгэмдээ нийцүүлэх гэсэн нэр төдий асуудал биш, эх орны ирээдүйн хөгжил цэцэглэлтийг удирдан авч явах иргэдийг бэлдэж буй нухацтай хандах асуудал юм. Зарим хүмүүс ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд их сургуульд ороод диплом авснаа боловсрол гэж ойлгодог . Гэтэл энэ хэвшмэл ойлголт болсон боловсролын цаана хүн чанарын боловсрол буюу ёс суртахуун, хүнийг хүн болгон төлөвшүүлэх боловсрол орхигдоод байна.
Өнөөдөр манай улсын ЕБС-д заагаад байгаа боловсрол нь сурагчдад тухайн хичээлийн талаар онол талын мэдлэг олгоод хамгийн гол боловсрол болох хүмүүжил төлөвшлийн талаас нь анхаарахгүй байгаа асуудал юм.
Тэгвэл хүмүүжил төлөвшлийг дээд түвшинд анхаардаг ард түмэн болох япончуудын хувьд хүүхдийг төлөвшүүлэх талаас нь хэрхэн анхаардаг вэ?
УИХ-ын гишүүн асан Д.Энхбат Токио хотын бага сургуульд зочлоод нэгэн бага ангийн багшаас санаандгүйгээр тэдний ажлын цагийн тухай, цалингийн тухай асуусан байна. Тэгэхэд тэр багш "Бид бага ангийн багш учир дунд, ахлах сургуулийн багш нараас илүү өндөр цалинтай байдаг” гэж ярихад гайхалтай санагдаж "Яагаад?” гэж лавлан асуусан гэнэ. Та яагаад миний гайхсаныг гадарлаж байгаа байх. Манай Монголын сургуулиудад байдал яг эсрэгээр, ахлах ангийн багш нар хамгийн өндөр цалинтай, бид ч тийм байх ёстой гэж бодоод хэвшчихсэн байдаг гэхэд тэр багш "Бид япон хүнийг бэлтгэдэг, харин дунд, ахлах ангийн багш нар тэдэнд зөвхөн хичээл заадаг” гэж хариулсан байна.
Тэр багшийн хариултнаас харахад Япон улсын боловсролын систем нь япон соёл, хүмүүжлийг тээсэн ёс суртахуунлаг иргэнийг бага ангиас нь эрчимтэй бэлдэж буйг харж болохоор байна. Японы боловсролын тогтолцоо ийм байдаг учир улсынх нь хөгжил өнөөдөр асар өндөр түвшинд байна.
Тэгвэл бид боловсролынхоо бодлогод шинэчлэл хийж "Монгол хүнийг бэлтгэдэг" хүн чанарын боловсролд анхаарах хэрэгтэй байна. Хүүхдүүдийг цэцэрлэг, бага ангиас нь л энэ чиглэлийн хичээлийг түлхүү оруулж Монголын соёл уламжлал, ёс заншлийг тээсэн эх орныхоо төлөө гэсэн сэтгэл зүрхтэй ёс суртахуунлаг, хүнлэг иргэнийг бэлдэх ёстой болоод байна. Тэгж гэмээнэ бид хөгжинө. Бодлого тодорхойлогчид энэ тал дээр анхаарлаа хандуулах цаг болсон бус уу?
Өнөөдөр Харвард, Колумбийн их сургуульд сурсан гэдэг дэлхийн өндөр боловсролтой С.Баярцогт, Ц.Элбэгдорж мэтийн нөхөд улс орны өөдлөн дэвжихэд онцын ашиг тусгүй гэдэг нь практикаар харагдлаа. Гэтэл боловсрол нимгэн гэж шоглуулдаг Х.Баттулга, С.Ганбаатарын хүмүүс улс орныг өөд нь татах гэж хичээж байна. Эндээс тухайн хүний ямар боловсрол эзэмшсэн байх нь хамаагүй, эх орон ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүмүүс л энэ оронд хэрэгтэй нь харагдаж байна.
Тиймээс "Өндөр чадвартай ч сэтгэлгүй хүнийг ажилд авсанаас чадвар арай дутуу ч сэтгэлтэй хүнийг ажилд авах нь хамаагүй илүү үр дүнтэй байдаг" хэмээх бизнесийн акулуудын уриаг гол болгож, аливаа хүнийг төрд оруулахдаа энэ талыг нь илүү хардаг болоосой.
Ерөөсөө хэчнээн өндөр боловсролтой, мэдлэг чадвартай байлаа ч сэтгэл зүрхгүй, зөвхөн өөрийнхөө болон тойрон хүрээлэгч хувалзнуудынхаа эрх ашгийг гол болгогч хүмүүсээс Төр засаг салах цаг хугацааны шаардлага ирээд байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?